ТАВТАЙ МОРИЛ, Guest! Бүртгүүлэх RSS

Дөрөв дахь өдөр, 2024-05-02
Main » 2012 » Дөрөв дүгээр сар » 15 » Н.ЭНХБАЯРЫН ДЭЛГЭСЭН ПРОТОКОЛЫГ БҮРЭН ЭХЭЭР ТАТАХ
8:03 AM
Н.ЭНХБАЯРЫН ДЭЛГЭСЭН ПРОТОКОЛЫГ БҮРЭН ЭХЭЭР ТАТАХ

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр өдөр хэвлэлийн хурал хийхдээ 2008 оны долдугаар сарын 4-ний өдөр намуудын дарга нартай уулзсан зөвлөлдөх уулзалтын протоколыг дэлгэсэн юм. Түүний бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ террорист үйл ажиллагааг хэн цааш нь хийсэн юм бол? Тэр Ардчилсан нам нь далдуур хийсэн юм уу? Би өчигдөр Улсын Их Хурал дээр сонслоо шүү дээ. Хувьсгалт намынхан бол Ардчилсан намыг хийчихсэн гээд л байна билээ. Эсвэл Хувьсгалт намынхан зориуд үүнийг өдөөн хатгаж, өөрсдийгөө өрөвдүүлэх сэтгэлгээ нийгэмд төрүүлж, өөрсдийнхөө илүү оноо авсан тэр юмыг баталгаажуулах оролдлого байсан юм уу? Би үүнийг бол ойлгохгүй байгаа юм. Энэ яагаад ийм юм болсон бол? Урьд нь бид нар цуглаан, жагсаал хийгээд болдог л байсан шүү дээ нийтээрээ. Аль нь ч, Хувьсгалт нам ч хийдэг л байсан, Ардчилсан нам ч хийдэг л байсан, олон нийтийн хөдөлгөөнийхөн ч хийдэг байсан. Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүй, бүр магадгүй эсхүл гаднаас орж ирсэн захиалгатай ийм ажил болов уу. Үүнийг л одоо манай энэ Засгийн газар маш үнэн, шударга энийг гаргаж ирэх хэрэгтэй байна.

Тэгээд хоёр намууд одоо бие бие рүүгээ чихээд, энэ ард түмнийг улам оролцуулаад л, одоо бол гадуур хоёр хуваагдчихсан л яриад байна. Ерөөсөө Хувьсгалт намынхан энийг өөрсдөө хийсэн л гэнэ, нэг хэсэг нь Ардчилсан намынхан хийчихлээ л гэж ярьж байна.

За, энэ дээр бол харин тэр хөдөлгөөний залуучууд бол үнэхээр энэ асуудалд бол би оролцоогүй байх гэж бодож байгаа юм. Яагаад? гэхээр би дөрөв хагаст МАХН-ын байрнаас албан ёсоор тэр залуучуудыг аваад гараад явсан. Дараа нь Магнайг бол Сүхбаатарын талбайгаас цагаан хоолойтой машинд суулгаад "за одоо үлдсэн залуучуудыг нь очоод аваад ир ээ" гэсэн. Тэгсэн харин Магнайг бол толгойг нь чулуугаар цохисон байсан, машиных нь шилийг хагалсан байсан. Магнайг "чи муу урвагч, ухарлаа" гээд тийм асуудал гарсан. Ийм учраас тэр залуучууд бол энэ дээр нэг их асуудал болоогүй байх аа гэж би дотроо таамаглаж байгаа юм. Зүгээр нарийн учрыг нь тэр цагдаа.

Ер нь бол энэ залуучуудын бухимдал их байсан. Энэ бухимдлын шалтгаан юу вэ, сонгууль маш шударгагүй явлаа шүү дээ, ерөөсөө доогуур бол. Тэгээд ч 21 хоногийн дотор 130 мянган хүнд хүрч ажиллана гэдэг үнэхээр хүнд байсан. Маш их шороотой, дараа нь бороо орсон, маш их хэмжээний мөнгө тараагдсан, тойрог дээр машин, машинаар архи аваачиж тарааж байна.

За дараа нь сонгуулийн үр дүнг цэвэр булхайцсан шүү дээ. Сүүлдээ бүр захиалгаар "за, за Оюуныг байжээ байжээ, за, за Оюуныг гаргачих, Жаргалсайханыг аваад хаячих", нэгд байсныг шууд арав дээр бичээд л ний нуугүй ярихад бид нар бас өөрөө багцаалж байгаа. Тийм учраас энэ сонгуулийн үр дүнг ямар ч байсан Бүгд найрамдах нам хүлээн зөвшөөрөхгүй, одоо тэгээд зөвшөөрөхгүй гээд хэнд харьцах юм? Хандах хүн алга байна шүү дээ. Тойргийн, сонгуулийн ерөнхий хороон дээр очоод нэмэр нь алга байна. Өргөдөл бичээд, гомдоод яах юм бэ? "Өө мэдэхгүй, хэсгийн хороон дээрээ оч. Бид нар мэдэхгүй, хуулийнхаа дагуу" ямар ч хариулт байхгүй тэнд ерөөсөө.

Тэгээд одоо аргаа бараад би энэ Ерөнхийлөгчийг ер нь өөрийнхөө дэргэд та ийм ажлын хэсэг байгуулаад энэ сонгуулийг үнэн зөв болгож өгөөч ээ, энэ асуудлыг шийдэж өгөөч, та Монгол Улсын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байна. Би бол энэ намуудад бол итгэхгүй байна. Тэр хэсгийн хороон дээр ажиллаж байгаа хороо, дүүргийн засаг захиргаанд бол. Үнэхээр бүр дэндүү цадигаа алдчихсан юм байна лээ. Айж эмээж, ичих ч юм байхгүй болчихсон байна лээ. Тэгээд энэ сонгуулийг дахин хийх үү, нэг эсвэл одоо сонгуулийг энэ юу яасан тойргууд дээр дахих уу? Тэгээд үүнийг дахихын тулд эхлээд бид үнэхээр тэнд хударгагүй юм болсон уу, үгүй юу? гэдгийг бүр ажлын хэсэг гаргаж байгаад шалгаад, тогтоомоор байна. Тэр дор чинь бүр анархи байдал газар авчихаад байна. Хэний ч үгийг авдаггүй. Бид шалгалт хийгээд 1500 саналын хуудас олсон. Тэгсэн чинь "би нойрмог, урьд шөнө унтаагүй, тэгээд үүнийг ингээд буруу тоолчихжээ" гээд нэг авгай уйлаад сууж байгаа юм. Тэгээд сейфэнд нь хийлгэсэн. Мэдээж түүнийг сейфнээс нь аваад одоо солиод тавьчихаа биз, ойлгомжтой шүү дээ. Тэгээд ийм ийм юм болсон юм аа.

Тэгээд хамгийн гол нь тэр энэ гадаа, МАХН-ын байр, энэ юмыг галдан шатаасан нь хэн юм бэ? Бид бол албан ёсоор дөрөв хагаст /16.30 цагт/ цуглаанаа дуусгасан шүү дээ, албан ёсоор. Урьд өмнө хийж болоод байсан. Энэ чинь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байна. Бид аргагүйн эрхэнд өөрийнхөө шаардлагыг л тавьсан. Түүнээс галдчихна гэдэг шаардлага тавиагүй. Харин үүнийг цааш нь хэн үргэлжлүүлээд, ийм терроризм болгосон юм бэ?

Тэгээд одоо энэ телевиз, радиогоор нэг талын л юм яваад байна. Ерөөсөө хараад байхад л. Энэ телевизийг бол бид нийгмийн амгалан байдлыг тогтоох гэж уг нь хаасан шүү дээ. Гэтэл үүнийг нэг талын сурталчилгаа болгоод ашиглаад байна шүү дээ, өчигдөр, өнөөдөр хоёр бол. Үүнийгээ болих хэрэгтэй байна шүү дээ. Тэгвэл одоо юу болох гэж байна вэ? гэхээр хоёр хоногийн дараа бүх телевизүүд нээгдэхээр энэ бүх намууд, улс төрийн хөдөлгөөнийхөн гараад бүх телевизээр яриад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ чинь дахиад нөгөө зөрчилдөөнийг дуудаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ийм байдлаар бид нар цаашдаа, ер нь энэ нийгэм бол дэндүү их ядуу байна, залуучууд ажилгүй байна, хүмүүжилгүй байна, архидан согтуурал улс орон даяар кампаничлагдсан бүр арга хэмжээ болчихсон байна. Энэ байдал бид нарыг ийм юманд хүргэж байна гэдгийг бол улс төрийн дүгнэлтүүд намууд бас гаргамааргүй байна. Зүгээр нэг ганц ийм нэг байшин шатаасан гэдэг дүгнэлт биш, цаадах уг ёзоорыг нь, суурийг нь гаргаж ирмээр байна шүү дээ. Ийм л юм хэлэх гэсэн юм аа. Ингээд баярлалаа.

Н.ЭНХБАЯР: -За баярлалаа. Өөр санал хэлэх? Саналаа тавиад, гол нь гарцын талаар саналаа тавимаар байна.

Ц.ЦОЛМОН: -Болох уу, Ерөнхийлөгч өө?

Н.ЭНХБАЯР: -За. Цолмон дарга.

Ц.ЦОЛМОН: -Бид нар бас түрүүчийн хуралдаан дээр байр сууриа илэрхийлж 

байсан. Олон тойрог, хэсэг дээр зөрчил гарсан юм байна. Тэгээд зөрчил нь ганц нэг биш юм байна, нийтийг хамаарсан бараг бүх тойргийг ч юм уу, ихэнх тойргийг хамаарсан зөрчил байгаа учраас үүнийг нэгдүгээрт тодруулах хэрэгтэй юм. Тэгээд энэ нь батлагдах юм бол санал хураалтыг дахин явуулъя гэсэн ийм саналыг бид нар тавьж байсан.

За, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Энэ бүх юмыг тодруулсаны дараагаар, тодруулахаас нааш бол. Гарцыг хамтдаа хэлэлцэж, оролдож байгаа нь зүйтэй юм. Тэгэхдээ бас үр дүн их багатай явж байна гэдгийг хэлэх байна. Гэхдээ бид нар гарцыг хайхдаа 4 хоногийн онц байдлын дараагаар 4 жил Монголын засаглал, төр яаж явах юм бэ, яавал зохимжтой юм бэ? гэдэг талаас нь илүү анхаарч гарцаа хайх ёстой байх гэж бодож байна.

Тэгээд Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулъя гэсэн саналыг дэмжиж байна. Мөн 12 цагт эхэлсэн улс төрийн цуглааныг эмх замбараагүй байдалд шилжүүлсэн тэр байгууллага, хүмүүс байдаг юм уу, эздийг олох хэрэгтэй байна. Мөн энэ тодруулах ажлыг онц байдлын хүрээнд хийх нь зүйтэй байх аа. Тийм учраас бас онц байдлын хугацааны талаар ч ярилцахад болохгүй зүйл байхгүй байх гэж ингэж бодож байна. "Онц байдал" тогтоолоо гээд манай Монголын амьдрал ахуй, засаглалын дэглэмд өөрчлөлт орсон тийм шинж алга. Хэдэн "БТР" л гудамжинд байгаагаас өөр нэг их онц байдал тогтоосон юм алга байна л даа. Тэгэхээр энэ онц байдлаа бас тодруулмаар санагдаж байгаа юм. Ер нь "онц байдал" гэж юуг хэлээд байгаа юм, ямар байх ёстой юм? Тэгэхээр түрүүчийн хүмүүсийн ярьсан тэр санал хураалтыг үнэхээр намуудад итгэхгүй байгаа бол энэ онц байдлынхаа хүрээнд хийх ёстой байхаа гэж ингэж бодож байна.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, ярьж болох уу?

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Таны тэмдэглэгээн дээр Үндэсний шинэ нам зарим нэг тойрог дээр санал хураалтыг дахин явуулъя гээд тэмдэглэчихсэн байна л даа. Ажлын хэсгийнхэн хийчихсэн юм шиг байна. Миний ойлгосноор түрүүчийн хуралдаан дээр манай Үндэсний шинэ намын дарга "Ер нь санал хураалтын үр дүнг зөвшөөрөхгүй ээ" гэдэг саналыг шууд өгсөн байгаа.

Тэгээд Монгол телевизийн энэ уулзалтын талаар мэдээ харсан чинь манай намын дарга Цолмонгийн яриаг редакцилачих юм. Нэгдүгээрт, дууны гажигтай, хоёрдугаарт, намын даргын өмнө хэлсэн үг нь юу гэж байсан бэ? гэхээр ерөөсөө биднээс хамаарахгүйгээр сонгуулийг будлиантуулдаг бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна гэдэг, "бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна аа" гэдэг тэр үг байхгүй. Ерөөсөө Ардчилсан нам, Хувьсгалт нам энэ сонгуулийн будлиан, булхайд хоёулаа хамаатай гэдэг асуудлыг хэлсэн бас байхгүй. Юу хийсэн бэ? гэхээр зүгээр дууг нь саатуулж байгаад "зөвшөөрөхгүй байна" гэдэг ганц үгийг нь редакцилаад гаргачихсан. Энэ бол жишээлбэл болж байгаа үйл явдлыг зөв нэвтрүүлэх, мэдээллийг зөв өгөх гэдэг юм дээр, жишээлбэл би харж байсан хүний хувьд асар сэтгэл дундуур болсон.

Ерөнхийдөө юм зөв болоосой гэж бодож байсан, ер нь энэ хүмүүс чинь юу хийгээд байна? гэсэн тийм бодол орох хэмжээнд хүрсэн. Дээр нь сонгуулиуд булхайтай, будлиантай, ганц булхай, будлиан цөөхөн тойргийн тухай асуудал яригдаж байгаа биш, хавтгай байгаа тухай учраас, системийн шинжтэй байгаа учраас энэ сонгуулийн үр дүнг зөвшөөрөхөд үнэхээр хэцүү. Дээр нь өчигдөр Улсын Их Хурал дээр яригдаагүй, гэхдээ би Хууль зүйн сайд эд нараас тодруулсан. Энэ одоо ер нь зүгээр бичлэг хийгээд байх зөв ч юм уу, үгүй ч юм уу? Энэ бичлэг.

Н.ЭНХБАЯР: -Аахан. Бүгдээрээ бичлэг явуулаад яахав? гэж...

М.ЭНХСАЙХАН:-Өчигдөр яг нарийн дээрээ бол Улсын Их Хурлын хаалттай хуралдааны уур амьсгал бол ерөнхийдөө их дажгүй, монголчууд нэгдмэл байх ёстой гэсэн тийм санаа л гарсан шүү дээ. Тэгээд хурлаа хаагаад хаячихсан. Хамгийн гол нь өчигдөр би юуг сонссон бэ? гэхээр 4 хүн буудаж алсан, цагдаа буудаагүй юм шиг байна лээ. Хэрвээ Хууль зүйн сайдын өөрийнх нь хэлж байгаа үгээр бол. Зохион байгуулалттай машинтай хүмүүс тойрч яваад буудаад унагаасан л юм байна билээ шүү дээ...

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хөөцөлдөж байгаад.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, хөөцөлдөх нь ч юу юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Эмч нь хэлсэн шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Зүгээр ер нь болвол санаатай, өөрөөр хэлбэл сонгууль шударга биш болсон гэдэг энэ улс төрийн цуглааныг хүчирхийлэл болгож хувиргах ажиллагаа зохион байгуулалттай явсан нь ойлгомжтой байна. Дээр нь бүр хүн алах ажиллагааг зохион байгуулсан байна. Өчигдөр тийм юмыг жишээ нь

Улсын Их Хурал дээр ярихгүй байгаа шүү дээ, ярьж өгөхгүй байна шүү дээ. Хэн, яагаад ярьж өгөхгүй байгаа юм? Яагаад энэ Хууль зүйн яамныханд хэлэхгүй байгаа юм бэ? Тэгсэн хэрнээ хэн буудсан бэ, яагаад буудсан бэ, яагаад цагдаа буудсан бэ? гээд асуухаар цагдаа биш ээ, үнэхээр машинтай хүн яваад буудсан юм байна лээ шүү дээ гэж ийм л хариулт өгч байна билээ шүү дээ.

Тэгээд энэ эд нарыг харах юм бол ерөөсөө сонгууль луйвартай явсан юм байна. Хавтгай буруу юм явсан юм байна. Сүүлдээ нөгөө сонгууль шударга биш болсон гэдэг анхаарлыг нийгэмд хүргэх гэсэн ажиллагааг балмад байдал болгож хувиргаад, тэгээд түүний бурууг өөр нэг хэсэг хүмүүс дээр тохох гэж оролдоод, ийм байдал руу гулсаж орж байгаад бол үнэхээр сэтгэл дундуур бөгөөд буруу байна. Хэрвээ ийм байдал явах юм бол ёстой хатуу үзэхээс өөр аргагүй болно гэж ингэж би дотроо бодож байгаа юм.

Өчигдөр би хэлж байсан. Дөрөв хоног онц байдал тогтоосноор өөрсдийгөө хуурах хэрэггүй ээ. 4 хоногийн дараа буцаад л асуудал яригдаж эхэлнэ шүү дээ. Бид нар зүгээр суухгүй шүү дээ. Би өнөөдрөөс юм бэлтгээд эхэлж байгаа. Шулуухан хэлчихье энд. 2 хоногийн дараа онц байдал дуусна. Телевиз юман дээр бүгд гарна. Би өөрийнхөө сэтгэгдэлээр бүгдийг хэлнэ. Юу болж байна, яаж байна, хэн хэн яаж ажилласан, яаж яасан бүгдийг хэлнэ, шаардлага гарч байгаа болвол.

Би бол гарцыг юу гэж харж байна вэ? гэхээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч ерөөсөө болохгүй. Тэр би өөрөө гарсан уу, гараагүй юу? гэж битгий тайлбарлаарай! Тэгж намайг битгий буруу ойлгоорой. Би монгол төрийн чадамж цаашаа зөв үлдэх үү, үгүй юу? гэдгийг санаа зовж байна. Баахан хүмүүсийн амиар тоглочихоод, хүмүүсийн эд материалд хохирол учруулчихаад, сэтгэл санааг нь булингартуулчихаад, тэгээд байгуулагдах төр цаашаагаа чадамжтай ажиллана гэж бодож байна уу? Би монгол төрийг чадамжтай байхыг хүсч байна. Өөрөөр хэлбэл легитимность (хуулийн хүрээнд, хуулийг дээдлэх) гэж юм ярьдаг. Легитимный байж чадахгүй болчихоод байгаа байхгүй юу одоо нийгмийн нүдэн дээр. Одоо ахиад л хэрүүл үүснэ. Хэрэлдэж л таарна. Бид нар шударга байхын төлөө байгаа учраас дуугарч л таараа. Тэгээд легитимный биш төр цаашаа ажиллаж чадах уу, ер нь?

Хоёр намд ч гэсэн хандаад хэлэхэд агуу, агуу том амлалтууд чинь та нарыг суудалтай болгоход бас хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ энэ агуу том амлалтаас чинь одоо харин эрүүл ухаан дээрээ буух бололцоог ашиглах хэрэгтэй байна, та нар. Мэдээж дахиад сонгууль явлаа гэхэд дахиад л та хоёр гараад ирэх байх. Маниуд нь бүгдээрээ гаднаа үлдэх байх. Тэгэхдээ та хоёр үлдэхдээ ард түмний итгэл алдахгүй байх хэмжээндээ байхгүй бол агуу амлалтаа хийж чадахгүй шүү дээ та нар. Эсвэл хийх гэж мунгинаж байгаад гаднын, харийн гүрний юманд, суганд нь толгойгоо хавчуулчихна шүү дээ. Тийм байлгахыг би бол сонирхохгүй байна жишээлбэл.

Өчигдрийн байдлыг харж байхад Улсын Их Хурал дээр яахав нөгөө өөрсдийгөө сонгогдчихсон гээд урьдчилсан дүнгээр бодож байгаа хүмүүс бол хувь хувиа хичээх үзэл рүүгээ гүйгээд орчихсон л байна лээ л дээ.

Юмыг жаахан өргөн хармаар байна шүү дээ. Магад ч үгүй та нар найруулж байгаад намайг дөрөвт аваачаад хийчих юм бол гурав ч билүү /манайх чинь гурван мандаттай/, гуравт аваачаад хийчих юм бол хүний чанар тийм учраас аягүй бол хувиа хичээгээд сууж байж магадгүй л байх. Тэгэхдээ тэгмээргүй байна, жаахан өргөн хармаар байна. Дараа үлдэх төр маань юу хийж чадах вэ, дараа байгуулагдах Засгийн газар маань юу хийж чадах вэ? гэж өргөн хармаар байна. Энэ утгаараа бид нар аваад үзсэн ч гэсэн ард түмний итгэл даах төр, засаг байгуулагдах шаардлага байгаа учраас сонгуулийн дүнг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй байна. Тэгээд болсон явдлыг ерөнхий дүнгээр нь хар. Хэний тоглоом, би одоо хэнийг гэж хэлж чадахгүй. Лав Ардчилсан намын тоглоом, Хувьсгалт намын тоглоом гэж хэлж чадахгүй. Гэхдээ болж байгаа үзэгдэл бол асар буруу болж байна. Энэ дээр би санал нэгдэх байх аа гэж бодоод байгаа юм.

Н.ЭНХБАЯР: -За. Өөр? Тойрох уу, нар зөв тойрчих уу, Оюун дарга ярих уу?

С.ОЮУН: -За. Би товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Өглөө Дорнод аймагт манай Зоригт гишүүн очоод бас тойрог дээрээ дахин тоололт явуулах хүсэлт тавьсан л даа, тодорхой үндэслэлүүд байсан учраас тойргийн хороонд. Тэгээд бөглөөгүй саналын хуудсууд маш их хэмжээгээр олдоод, тэгээд газар дээр нь цагдаа дуудаад үзлэг хийж байсан чинь бас битүүмжилсэн, бөглөчихсөн саналын хуудсууд олдоод, тэр нь одоо аваад, хулгайлж байсан юм уу, яаж байсан юм. Тэгээд тэрэн дээр ямар ч байсан цагдаа, прокурор очоод үзлэг хийгээд хяналтаа тавьж байгаа. Өргөдлөө бол гаргасан байгаа. Энэ тойргийн хороон дээр болсон явдал юм билээ. Ямар ч гэсэн нягтлах ёстой. Зүгээр нэг газраас нөгөө газар руу шилжүүлэх гэж байсан юм уу, одоо бол энэ чинь тойрог дээр бүх л хуудаснууд битүүмжлэгдээд, хөдөлгөөнгүй байх ёстой шүү дээ. Эсвэл тэндээс бас хулгайлаад

явж байсан юм уу? Тэгээд бөглөөгүй байснаа бөглөсөн нь бас олдсон байна л даа. Тэгэхээр түүн дээр ямар ч байсан энэ мэдээллийг өгөөд, үүнийг бас нягталж байгаа. Түүн дээр шалгах хүсэлт тавьчихсан байгаа гэдгийг би бас хэлье гэж бодож байна.

Ц.ГАНХУЯГ: -Би нэмэх үү?

Н.ЭНХБАЯР: -Саналын хувьд, за Ганхуяг гишүүн.

Ц.ГАНХУЯГ: -Тэгэхээр ер нь бол яахав зүгээр ингээд өнгөц харж байхад энэ дээр манай хүчний байгууллагууд болвол нарийн хяналт, мэдээлэлтэй байгаа байх л даа. Тийм учраас тийм хэмжээнд ярих бололцоо гэж байхгүй л дээ. Зүгээр "өнгөт хувьсгал" хийх гэж оролдсон оролдлого л байсан болов уу гэж бодож байна.

Үнэхээр Үндсэн хуулийн хүрээнд эв эеийг хичээгээд ингээд ажиллах саналыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийн дэргэд тэр зөвлөлдөх зөвлөл ч юм уу байгуулаад, тэр хүрээндээ бас яриа хэл цааш нь явуулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр шууд миний санаагаар бүх асуудал шийдэгдэхгүй болов уу л гэж ойлгож байна л даа. Маргаантай юм зөндөө байгаа.

Эцсийн эцэст сонгуулийг зарласан байгууллага, өнөөдөр хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа Улсын Их Хурал л тоймтой хариу хэлэх болов уу гэж найдаж байгаа. Үүнийг үнэхээр тал талаас нь сайн ярилцаж, үнэхээр сонгуулийн систем болохгүй байсан юм уу, юу нь болохгүй байсан юм? маш их зөрчлүүд яригдаж байгаа шүү дээ. Хамгийн наад зах нь Сонгуулийн ерөнхий хороо бол туйлын хариуцлагагүй ажилласан. Би хоёрхон жишээгээр аваад үзэхэд Дээд шүүхийн тайлбарыг үл тоож, өөрсдөө хуулийг тайлбарласан. Мандатын тоогоор дугуйлна гэж ийм мэдээлэл, нэг ёсны ухуулах хуудсыг орон даяар тараасан байгаа. Хаана хаана, хэдээр дугуйлах вэ? гэдгийг бүр тойргоор нь заагаад өгчихсөн.

С.ОЮУН: -Саналын хуудас дээр биччихсэн.

Ц.ГАНХУЯГ: -Саналаа өгөхөд саналын хуудас дээрээ бас тэгээд биччихсэн. Сонгогчид саналаа өгөх үед яг тэр санал тэмдэглэх хайрцгийн ард тэр дээр нь бүр тэдийг дугуйлна гээд наачихсан. Өөрөөр хэлбэл сонгогчийн сонгох эрхэд нь халдсан. Нэг хүний төлөө, хоёр хүний төлөө ч саналаа өгч болно. Сонгогчийг ингэж албадаж, заавал чи бүтнээр нь дугуйлах ёстой шүү. Тэгээд үндсэндээ миний ойлголтоор бол бөөндье гэдэг юм чинь явчихлаа шүү дээ. Зарим намаас

сурталчилгаа их явсан л даа.

Хоёрдугаарт, сонгуулийн санал тоолох цаг мөч ойртож байх үед Сонгуулийн ерөнхий хорооноос иргэний үнэмлэхтэй хүн бүр дуртай газраа очиж санал өгч болно гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингээд ерөөсөө 8 цаг хагас, 9 цагаас хойш бөөн бөөнөөр нь автобусаар зөөсөн шүү дээ. Бүгдээрээ мэдэж байгаа л даа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. Мэдэж байгаа.

Ц.ГАНХУЯГ: -Хэдэн зуугаараа овооролдсон. Гэтэл хуульдаа цаана нь тэр нэрсийн жагсаалтад тэр хүн байна уу, байхгүй байна уу, эсвэл тэнд иргэний хичнээн үнэмлэх нэг хүнд байж байгааг, бас иргэний үнэмлэхний заримыг нь зарим юмыг нааж өгөөд өөрчилчихдөг гэсэн ярианууд байна л даа. Тэгэхээр зөвхөн энэ хоёр фактаар аваад үзэхэд Сонгуулийн ерөнхий хороо болвол эхнээсээ энэ сонгуулийг будлиантуулсан.

Ийм байгууллага цаашдаа сонгуулийн асуудлыг ийм сонгууль боллоо гэдэг дүгнэлтийг Ерөнхийлөгчид оруулах ёс зүйн эрх байхгүй л гэж бодож байна л даа. Үүнийг үндсээр нь өөрчлөх ёстой. Үүнээс л хамаг ажил явах ёстой. Ер нь энэ асуудлыг бид нар аль ноднин ярьж байсан. Тэгэхэд хоёр нам хамгаалаад үлдсэн шүү дээ. Одоо энэ дээрээ эргэж дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн хүрээнд үнэхээр чадамжтай төр, засгийг бид нар бүрдүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна.

Н.ЭНХБАЯР: -За. Эх орон нам.

Б.ЭРДЭНЭБАТ: -За. Бид энэ сонгууль маш их будлиантай, маргаантай, луйварын маягийн болсон гэдэг нь гарцаагүй үнэн. Энэ дээр сонгуульд оролцсон намууд бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Тийм учраас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улсын Их Хурлын сонгуулийг бүхэлд нь дахин явуулах саналтай. Ингэхдээ сонгуулийн системийг өөрчилж өгөөч ээ гэсэн манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатарын түрүүний өгсөн байр суурь манай намын байр сууриа.

Ер нь сонгууль бол өнөөдөр зохион байгуулалттай сайхан болоод өнгөрчихлөө гэсэн, гэтэл өдөр болгон будлиан, маргаан ийм зүйл явагдсан. Сая ерөнхийдөө одоо бол бас хэлж байх шиг байна. Сонгуулиа одоо шийдэх юм бол нэг гэр бүл дээр олон хүн бүртгэсэн, дахин дахин сонгуулийн үнэмлэх өгсөн. Дээр нь жишээлбэл тойрог, хэсгийн хороог дайрч очоод тэр нөхдүүд хэд дахиж өгсөн иймэрхүү будлианууд гарцаагүй болсон, хязгааргүй гарсан. Түүнийг зохион байгуулсан гэж одоо нөхдүүд хэлж байна л даа.

Тэгээд Сонгуулийн ерөнхий хороо маш муу ажилласан. Шаардлага тавьсан. Тэр шаардлагыг огтхон ч хүлээж аваагүй. Тийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулж, энэ зөрчил, маргааныг тогтоох нь гарцаагүй зөв гэсэн ийм байр суурьтай байна. Ер нь гарах гарц нь өнөөдөр гарцаагүй ажлын хэсэг байгуулж, үүнийг тогтоох ёстой. Сүүлдээ саяын яриад байгаа улс төрийн цуглааныг террорист үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, шатаах, дээр нь хүний амь насыг зохион байгуулалттай бүрэлгэх ийм үйл ажиллагааг иргэний байгууллагуудаар заавал тогтоох ёстой гэж бид үзэж байна. Үүнийг өнөөдөр албан ёсоор тогтоосны дараагаар одоо өнөөдөр бол энэ асуудлыг бид нар ярих ёстой гэж ингэж. Мэдээж ийм сонгууль манай улсад урьд нь хэзээ ч болж байгаагүй. Мэдээж ард түмэн бүгд цочирдож байна. Өнөөдөр гудамжинд буу зэвсэгтэй, дээр нь онц байдал тогтоочихсон энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо хүртэл телевизээр нэг талын сурталчилгаа хийгээд, сонгуулийн үр дүнг танилцуулаад л, өргөн барина, ийм дүнтэй байна гээд ярьж байгаа нь бас их тохирол муутай гэсэн шүүмжлэлийг хүмүүс ярьж байна. Сонгуулийг дахин явуулах нь гарцаагүй хэл амтай, будлиантай, ноцтой үйл ажиллагаанаас өнөөдөр гарах гарц нь гэж ойлгож байна.

С.ОТГОНБАЯР: -Дээрээс нь нэмэх үү?

Н.ЭНХБАЯР: -За.

С.ОТГОНБАЯР: -Сонгуульд нэр дэвшиж оролцсон хүний хувьд яг бодит байдал дээр чухам юу болж өнгөрсөн бэ? гэдгийг баримтаар хэлж ярих ийм шаардлага байна гэж бодож байна л даа. Тухайлбал, "Сонгуулийн хууль" маш их зөрчигдсөн. Энэ Баянзүрх дүүрэг дээр 43 хэсгийн хороо байсан. Үндсэндээ бүхэлдээ тэнд хууль зөрчигдсөн. Төрийн албан хаагчид тэр тойрог, хэсгийн хороодод төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа албан хаагчид оролцоод, тэр албан тушаалаараа нөлөөлөх асуудлууд маш их байсан. Тэгээд хууль хэрэгжүүлэх тал дээрээ үнэхээр учир дутагдалтай, нэг талыг барьсан, давамгайлсан ийм үйлдлүүдийг үнэхээр хийж байсан. За, тэгээд зөрчил гарч байгаа болгон дээр нь асуудлаа гаргаж ирж тавихад авч хэлэлцдэг юм ерөөсөө байхгүй. Тойргийн хороо, тэгээд Сонгуулийн ерөнхий хороонд шат дараалсан хуулийн дагуу асуудлуудаа, гарч байгаа зөрчлүүдийг арилгаач ээ гэдэг саналуудыг 

тавиад байхад ерөөсөө авч хэлэлцсэн юм байхгүй, хүлээн зөвшөөрч авч хэлэлцээгүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, хэсгийн хороонд ажилласан хүмүүс хуулийг маш ихээр зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа нь тэр саналын хуудсыг бас бөөнөөр нь өгөөд явж байсан, сурталчилгаа материалуудтайгаа хамт архи дарс тараагаад явж байгаатай гарч ирсэн илэрхий баримттай зүйлүүд байж байна. Тооллогын асуудал дээр үнэндээ ямар ч техник ажиллагааг зохицуулалт хийгээгүй учраас нэг хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтан нэрийг нь дууддаг, нөгөө нөхөр тэнд сууж байгаад бичдэг. Тэгээд ажиглагчийг нь 5-10 метрийн зайд аваачаад тавьчихсан, тэндээс нэрийг нь буруу дуудаад байна шүү дээ гэхээр зэрэг босгодоггүй, "тэгвэл гар, зайл" гээд хөөгөөд байдаг. Бүх шатандаа ийм байдалд орсон. Отгонбаяр гэж дуудахыг Батбаяр гэж дуудсан гэдэг асуудал яриад байгаа нь үнэхээр тийм байдлууд гарсан. Тооны хувьд гэвэл хоёрт явж байсан хүн нэг рүүгээ бараг дөхөж явсан хүмүүс дээр хоёрхон цагийн дотор мянга, мянгаараа орж ирж байгаа байхгүй юу, багцлагдаад. Тэр саналууд. Тийм учраас энэ илэрсэн тэр саналын хуудсууд нөхөж хийсэн, тэр нэрийн жагсаалтаас авч бүртгэсэн бүртгэлүүд хүртэл хууль бүх шатандаа, бүх хэсэг дээрээ зөрчигдөөд. Энэ бүх асуудлыг баримттайгаар нь аваачаад тойрог, хэсгийн хороо, салбар хороон дээр нь аваачиж өгөхөөр зэрэг аваад дарчихдаг. Хуулийн хугацаанд ажлын 5 хоног дотор шийдээд явах бололцоог бүрдүүлчихсэн заалтууд байж байхад түүнийг авч хэлэлцдэггүй, хэрэгждэггүй. Ийм л байдалтай явж ирлээ.

Нэгэнтээ хууль зөрчигдөж, булхайтай боллоо гэдэг асуудал улсын хэмжээнд бүх дүүрэг, тойргуудад гарсан учраас мэдээж хэрэг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээн дэх Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна их олон хүмүүс асуудлаа тавиад явж байгаа юм билээ. Энэ тохиолдодд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд, хуулийн дагуу явагдлаа гэдэг тийм хүлээн зөвшөөрөх бололцоо үнэхээр байхгүй байна л даа.

Яаж ч бодсон энэ хууль зөрчсөн байна. Тийм учраас саяын бусад намуудын ярьж байгаа саналтай нэг адил Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл гаргаад, энэ үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад хяналт шалгалтуудыг бүгдийг нь хийгээд, сонгуулийн системийг өөрчлөх асуудал руу яаралтай орох нь зүйтэй байх гэж бодож байгаа юм. Ийм томсгосон тойрог буюу томсгосон мажоритароор явж байгаа асуудал дээр бэлтгэл муутай байсан.

Бүх хүмүүст Сонгуулийн ерөнхий хороо ямархуу журмаар энэ сонгуулийг явуулах вэ? гэдэг зааварчилгааг ерөөсөө өгөөгүй. Тооллогын систем дээрээ хүртэл өгөөгүй, ямар хэлбэрт ажиглагч нар байх юм, яаж нарийн бичгийн дарга нар нь орж, гарах юм? гэдгээ хэлээгүй. Дээрээс нь бүх тойрог, хэсгийн хороонд ажилласан энэ ажилтнууд бүгдээрээ худалдагдсан, бүхэлд нь бөөнөөр нь авсан баримтууд ч байж байгаа. Би баримттай юм ярьж байгаа. Тийм учраас холбогдох баримтуудыг нь, цаашилбал Сонгуулийн ерөнхий хороо тодорхой хэмжээнд нь хуулийн хугацаанд хариу өгөхгүй бол хууль хяналтын байгууллагуудад өгч асуудлыг шийдвэрлүүлэх ийм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм. Нэр дэвшиж байсныхаа хувьд болвол ийм зөрчлүүдтэй өдөр бүр тулгарч байлаа. Хүндрэлтэй байсан.

Тэгээд төрийн албаны хүмүүс үнэхээр хууль сахиулах, хууль дээдлэх, хэрэгжүүлэх тал дээрээ үнэндээ хариуцлагын шинж чанартай асуудал байдаггүй болчихсон юм байна гэдэг нь тэр үед л илүү их мэдрэгдэж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэгээд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж олон намуудын ярьж байгаатай нэг адил санал байж байгаа.

Тухайлбал пропорционал систем рүү орж сонгуулийг явуулъя гэж тухайн үедээ бас яригдаж байсан. Энэ нь өнөөдрийн байдлаар томсгосон мажоритар системтэй аваад үзэх юм бол хууль өөрөө бид боловсруулж батлахдаа зөрчилдөөнтэй хуулиудыг боловсруулж баталжээ гэдэг нь үнэхээр илэрхий харагдаж байгаа юм.

Өнөөдөр Улсын Их Хурлын бүх гишүүд, энэ сонгуульд оролцсон хүмүүс ийм алдаатай хууль боловсруулж, бид нар батлаад, ийм юмыг хэрэгжүүлнэ гэж явж сонгуульд орсноо, хүндрэлтэй байдлаа өнөөдөр мэдэрлээ гээд бид өчигдөр, уржигдар ч яриад сууж байна л даа. Тийм учраас хүлээн зөвшөөрөх бололцоогүй гэдгээ хаа хаанаа ойлгож байгаа учраас энд хууль эрх зүйн талын боловсруулалтад маш хурдан хутацаанд өөрчлөлт оруулах ёстой юм байна.

Сонгуулийн ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал байна гэж, зайлшгүй шаардлагатай байна. Яагаад? гэвэл хуульд заагаагүй асуудлуудыг хэрэгжүүлж явсан. Түрүүн, энэ Ганхуяг сайдын хэлж байгаагаар тулгалт хийсэн. Сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн асуудал гарсан. Ерөөсөө саналын хуудас дээр 4 мандаттай гэх юм бол заавал 4-ийг дугуйл гээд орж ирэхээр нь шахаад байдаг. Чи зөвхөн манай намын 4-ийг дугуйл, бусад нь байхгүй шүү, тэгэхгүй бол чиний саналын хуудас хүчингүй болно гээд улайм цайм шахаад байдаг, ийм байдал бүхэлдээ үйлчилсэн. Үүний эх үүсвэрийг Сонгуулийн ерөнхий хороо тавьсан гэж үзэж байгаа юм. Саналын хуудас дээр тавьсан байгаа хайрцгуудын өмнө 4 мандат дугуйлна шүү гээд заачихсан байх жишээтэй. Ингээд Үндсэн хууль зөрчиж байгаа тохиолдолд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх асуудал байхгүй гэж үзэж байгаа. Энэ нь өөрөө шууд сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа хуулиар олгогдсон эрхээ хөсөрдүүлж, хуулийн дагуу ажиллаагүй Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, салбарын хороодуудтай шууд холбоотой гэж үзэж байгаа учраас Сонгуулийн ерөнхий газрыг бүхэлд нь өөрчилж, улс төрийн намуудын төлөөллүүдийг ижил тэгш хэмжээгээр оруулах юм уу, эсвэл хөндлөнгийн байгууллагуудын, намын бус хэлбэрээр зохион байгуулах ажлыг сонгуулийн төв байгууллагын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм. За баярлалаа.

Ерөнхийлөгч өө, бүх баримтууд бичлэгээр, тэгээд холбогдох ямар хэмжээнд хууль зөрчигдсөн гэдэг нь тодорхой байгааг дахин гаргаж өгье гэж бодож байна.

Н.ЭНХБАЯР: -За. Ардчилсан нам.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хувьсгалт намын дараа хэлье... 

Гэх мэт үргэлжлэх болно. Үргэлжлийг уншихийг хүсвэл бүрэн эхээр нь татаад аваарай

http://share.aiax.mn/seo/download/2012.04.12 SECRET  bmwarez.blog.gogo.mn.doc

Views: 423 | Added by: kuzko | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: